RSS

Wednesday

Нармандахын морьд буюу математикаар амьсгалсан он жилүүд

Энэ постыг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан http://11alumni.mn/ сайтаар зочилж өөрийн төгссөн дунд сургуулийнхаа төгсөгчдийн холбоо байгуулагдсаныг мэдэж авлаа. Улмаар сайтаар хэсэж яваад сургууль маань гүнзгийрүүлсэн сургалттай болж дахин байгуулагдаж эд "мандаж" байх үед төгссөн 2 мундаг ахын нэвтрүүлэгт ярьсан яриаг нь олж сонсож байв. Тэгээд өөрийн үеийн нөхдөө хаана юу хийж яваа талаар бодоход хүрч, төрөлх сургуулийнхаа дурсамжыг эргэн нэг саналаа...

Бидний сургууль маань Физик-Математикийн сургууль гэсэн тодотголтой. Тоог бол ёстой жинхэнэ утгаар нь боддог байж. Тийм учраас бидний хамгийн чухал зорилго, үндсэн шалгуур, сорилт, тоог ч бол харин боддог шүү гэдгээ батлах зүйл нь ганц зүйл нь математикийн олимпиад... Тэгээд дээхэн үед бичиж байсан өөрийн бяцхан түүхээ эргэн нэг уншихад хүрэв. Бид ч гэсэн ах, эгч нарын адил тооны олимпиадад бэлдээд л, өөрсдийн болон сургуулийн нэр ээ улс, олон улсад гаргаж явжээ. Аа харин тэднийгээ яг санаж байгаа дээрээ тодорхой архив болгон хадгалсан нь өдгөө бас ч гэж хэрэггүй зүйл бичээгүй юм байна шүү гэж бодоход хүрч байна. Тиймээс дурсамж, 11-р сургууль тэр дундаа 2010 оны төгсөлт, Нармандах багшийн математикийг хэрхэн бэлдэж, өрсөлдөж, сургуулийнхаа нэрийг гаргаж мөн сайн шавь төрүүлж байсан түүхийг ах, эгч, дүү нартайгаа хуваалцая гэж бодлоо. Олон үг нуршаад яахав тухайн үеийн тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэе. Нэмж хэлэхэд тухайн үед нийтлэгч миний бие найруулга, дүрмийн алдаа ч нилээдгүй гаргадаг байсныгаа одоо анзаарч байгаа тул утга зохиолын мэргэжлийн түвшинд авч үзвэл яагаад ч шаардлага стандартад нийцэхгүй өгүүлэл гэдгийг ойлгоорой. Мөн үүнийг ангийнхандаа л зориулж бичиж байсан тул албан ёсны бус, зарим нэрс хоч зэрэг зүйлсийн ард бүтэн нэрийг тодотгон зассан болно.

Өгүүллийн нэр "Нармандахын морьд буюу математикаар амьсгалсан он жилүүд" гэсэн байж...

Таалан соёрхоно уу...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~


Морь гэхээр Идэрээ санагдаж байгаа байх. Нармандахын морь гэвэл бас ондоо. Учир нь Нармандах өөрөө уяач. Математикийн олимпиад бол морин уралдаантай яг ижил. Олон морь зэрэг уралдана, байр эзлүүлнэ. Дүгнэх журам нь л өөр байж магад. Сайн уяа сойлготой морь олон дундаас цойлоод л гараад ирдэг.


Хамгийн сүүлд Олон улсын хот хоорондын гэх сүржин нэртэй даруухан олимпиадад орж байхдаа нэг юм бодлоо. 2 дахь өдрийн бодолтон дээр бодлогоны өгүүлбэрийг нь уншиж үзээд учир нь ойлгогдохгүй болохоор нь уур хүрээд сууж байв. Тэгээд яагаад ч юм өнгөрсөн он жилүүдээ нэг дурслаа. Сэтгэл хөдлөөд болдоггүй. Нармандахын морьд их хол зам туулжээ. Одоо ч замаа дуусгаагүй л явна. Гэхдээ эцсийн зогсоол ойртож байгаа. Мөдхөн бид дахиж “олимпиад, маргааш нь дахиад олимпиад, Лууяаа алт !!!” гэж ярих боломж олдохгүй байх. Тэгээд энэ нийтлэлийг бичих санаа орж ирсэн юм.
Хөгжилтэй, баяртай, гунигтай, сэтгэл хөдлөм түүхээсээ санаж байгаагаа л бичье.
Би гэдэг морь анх 1-р ангид байхдаа л уралддаг байлаа. Гэхдээ ордог уралдаан цөөхөн. Сантын олимпиад, дүүргийн олимпиад, дүүргээсээ гарвал хотын олимпиад. Гэхдээ бага ангид байхдаа би нэг л удаа хотын олимпиадад орж байсан. Амжилт байхгүй ч ац хавьцаа бас бичигдээгүй ээ. Аа бас сургуулийн олимпиад гэж болно. Би нэг л удаа түрүүлж байсан. Бусад үед Нарангоо, Мөнхдалай 2 түрүүлдэг байсан даа. Энэ 2 маань 1-р сургуульд орсноор амжилтын сураг тасраад удаж байна. Бага ангид байхдаа яалт ч гүй тэргүүний сурагчдийн нэг байсан ч математикаар тэргүүн байж чаддаггүй байсан юм. 45-р сургуулийн сонгоны Б бүлэг гэх тодотголтой анги одоо бодоод байхад их хүчирхэг байж. Математикийн хэдээс гадна олон сайн сурагчидтай. Сураг дуулдахнээ 9-р анги төгсдөг шалгалтан дээр манай анги бутарсан гэсэн харамсалтай. 1-р ангид хамгийн анх олимпиадад орох гээл бөөн юм болж билээ бүдэг санаж байна. Олимпиад биш олимп !!! гээч гээд л аав ээжийгээ загнадаг байсан. Өглөө эрт босоод л одоо ч сайн санаж байгаа жижкэн цэнхэр цамцаа өмсөөд л Сант сургууль дээр ааваараа хүргүүлж ирээд л орж билээ. Тэр үед бичиг үсэг дажгүй эзэмшсэн байсан тул бодлогын өгүүлбэр зэрэг дээр асуудал байгаагүй ч бодож чадаагүй л юм даа. Дүүрэгт ороод яаснаа мэдэхгүй л байна. Лав муу морь байгаагүй байхаа хэхэ. 2-р ангид Энхболд гэж далдчиа мөртлөө аймар хүүхэд орж ирлээ. Молор-Эрдэнэ түүнийг таньдаг л юм билээ. Бага ангидаа нэг анги байсан гэсэн. Тэр хүүхэд ирэнгүүтээ л манай ангийн математикийн хаан болов. Гэсэн ч олимпиадад гойд амжилт хэн нь ч гаргахгүй. Гүэ яахав чааваас чадхаараа хийгээд л 20-р байр хавьцаа бичигддэг байсан байх. 2 билүү 3-р ангид байхад нэг удаа дүүргээсээ шалгарч байсан удаатай. Яааяа эхний 10 байрт орно гэдэг чинь том амжилт шүү дээ. Бүгдээрээ л бөөн баяр болоод л манай багш дүүргийн жуух бичгээр шагнуулаад л сүйд болно. Бага ангид Сант сургууль зүгээр хүүлдэг байлаа. Тус сургуулийн сургалтын хэв маяг хүүхдүүдийнх нь гаргадаг амжилт олныг алмайруулдаг байж билээ. Нусаа татаж сураагүй байхад нь л толгойд нь тоогоор бөмбөгдчихдөг байсан байх. Энхжаргал, Ундралбат гэх мэт хүүхдүүдийг би багаас танина. Тэдний нэг нь өдгөө манай гэр бүлийн гишүүн Эрдэнэ-Очир ч бас байсан юм. Дараа нь хотод очоод 30 хавьцаа уралдсан байсан гэж дуулдсан. 3-р ангид сургуулийн олимпиадад түрүүлчихээд алтан медалаар шагнуулсан нь миний амьдралын хамгийн анхны медал. Эмээ манай удамд ийм хүн байгаагүй гээд л сүрхий юм болно. Мялаалганы мөнгө шагнал гээд тэр бацаан гараад явчихваа. Медал авахын сайхныг эндээс л мэдэрч байсан байх л даа. 4-р ангид ордог жил Г бүлэгт байсан Болор-Эрдэнэ гэгч манай ангид орж ирэв. Хувь заяа нийлүүлсэн үү яасан нэг л мэдэхэд цуг суугаад сүрхий нийлдэг болчихсон байв. Мань 2 ч инээсээрэн байгаад л цагийг бардаг байлаа. 11-т элсэх шалгалтын бэлтгэл гэж бид 2 цуг тасалж РС-дэнэ, байшингийн буланд зогсоод алиа юм яриад л инээлдээд далчиганаад байж байдаг байв. Улмаар 1 ба 11-р сургуулийн элсэлтийн шалгалт 2-ланг нь өгөв. 1-т тэнцсэн ч тэнцээгүй ч бид хоёр 11-т орноо гэж зорьсон байсан. Шалгалтандаа ч тэнцэж ирэх жилүүдэд Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуульд суралцахаар боллоо.
Чухамхүү миний өгүүлэх гээд байгаа энэ түүх тэртээ 2004 онд энд тэндхийн сургуулиудын 4-р анги төгссөн тухай сургуулийнхаа лидерүүд болох сурагчид Нармандахын гар дээр ирснээр эхэлж байгаа юм. Тухайн үеийн 4-р ангийн сурагчдаар шигшээ баг бүрдүүлвэл Нармандахын гар дээр 2-р шигшээ баг ирсэн байлаа. 1-р шишгээ баг буюу матетатикийг хүүрнэн өгүүлдэгүүд нь мэдээж 1-р сургууль руу орцгоосон юм. Эрдэнэ, Бат-Уул гэж аймшгийн 2 сурагч байлаа. Ямарсайндаа л элсэлтийн шалгалтын эхний 5-д орсон хүүхдүүд бүгд 1-р сургууль руу орох вэ дээ. 11-р сургуульд орох элсэлтийн шалгалтан дээр миний харж байсан ууртай “ах” бол миний уяач Нармандах гэгч байсан юм. 5-р ангид анх хүүхдүүдээ цуглуулчихаад урд нь гараад айхтар юм ярьж байсан. Бишрэх шиг л болж байлаа. Эхнээсээ л манай багш даалгавар гэгчийг тонн тонноор нь өгч хүчилдэг байлаа. Нэгэн удаа шалгалт аваад өндөр оноо авсан хэдэн хүүхдүүдийг мөн элсэлтийн шалгалтын дүнтэй нь харьцуулаад нэг ёсондоо олимпиадын бэлтгэлд хүүхэд шалгаруулж авч байгаа нь тэр. Багшийн авсан шалгалтанд Болор-Эрдэнэ 1-ээр гарсан би сайн санаж байна. Би эхний 20-д ч байгаагүй байсан боловч элсэлтийн шалгалтын дүнд дажгүй урдуур эгнэснээс шалтгаалаад олимпиадын бэлтгэл гэх галт тэрэгний тасалбар Болор-Эрдэнийн араас авав. Энэ мэтчилэн хүүхдүүд тийзээ захиалсаар 20-оод хүүхэд олимпиадын бэлтгэл гэх галт тэргэнд суусан байлаа. Тэгчээд бага ангид хэн ямар медал авч байсан бүгд авчирж ирж үзүүл гээд сурагчдынхаа амжилтыг харах л гэж байсан байх. Олимпиадын баг босгох гээд их ч зүтгэж байлаа даа. Тэр үед өдөр хичээл ордог байсан бөгөөд сондгой тоотой өдөр болгоны 11 цагаас 1 цаг хүртэл олимпиадын бэлтгэл гэгч орохоор товлогдов. Арван, нэг, нойль, нойль гэж мөр цохьдоггүй байж дээ..хэхэ.
9 сарын нэгэн даваа гаригт (тухайн үед манай сургуулийн байшин ягаан чойрцон байшин байлаа шд) доор 101-ын наад талын өрөөнд хорин хэдэн жаал шуугилдан анхны олимпиадын бэлтгэл орж байсан юм. Тэнд байсан хүүхдүүдийг дурьдая. Б бүлгээс Амарсанаа, Эрдэнэ, Мөнх-Од, Олико (Батзоригт), Золбоо, Хулан гэх хүүхдүүд байсан байх миний санаж байгаа нь. А бүлгээс Баяраа, Мо
(Молор-Эрдэнэ), Болор (Болор-Эрдэнэ), Жигүүр, Бүрнээ (Бүрэнмөнх), Цэнгүүн, Өлзий (Өлзийхутаг), Бундага (Буянтогтох), Отгоо (Отгонбаатар), Орших (Бат-Орших), Пүрэв (Пүрэвбазар), Хавк (Лхагвасүрэн), Норов (Норовсүрэн), Болдбаяр, Эрдэнэбүрэн, Баатар (Батсуурь), Баадай (Бадрал), МХ (Мөрөн) болон Баавгай (Тэлмүүн) нар байв. Мартагдсан хүн байж ч магад. Бас эдгээрээс зарим нь яг 5-р ангиас ОБ-д явж эхлээгүй 7 нтрээс явж эхэлсэн байх. Анхандаа Бүрнээ (Бүрэнмөнх) хамгийн аймар нь байсан. Бодлогыг зүгээр машинддаг байлаа. Ангийн даргаар ч сонгогдож билээ. Мо (Молор-Эрдэнэ) ч бас үеийнхнээсээ нээх хол биш ч гэсэн тасарцан л байлаа. Оюуны Ундраагийн 2 буюу Отгоо (Отгонбаатар), Болдбаяр 2 бас гайхалтай байсан. Цэнгүүн гэж залуу чинь барагдашгүй сэтгэдэг чалх суугаагүй бацаан байсан даа. Зарим хүмүүс Цэнгүүн шилдэг нь байсаан гэдэг. Баяраа гэдэг хүүхэд хөдөөнөөс дөнгөж орж ирсээд байж байсан санагдана. Багшийн авдаг шалгалтууд дээр Мо, Баяраа 2 тогтмол өндөр оноо авдаг. Хурдаараа тэр 2 гайхагддаг байв. Авсан медалуудаараа Мо, Баяраа, Отгоо 3 бусдаасаа тасарцан байсан даг. За тэгээд үлдсэн нь Баатар маатар мэтийн сураггүй нөхдүүд байв. Бэлтгэл дээр Олико (Батзоригт) нэг өвгөн шил зүүчдэг хар бакь нөхөр сууж байдаг байв. Шүд нь хугархай болхоор ламбард гэж хочилдог байсан.
10 сар гаргаад тэр жилийн хамгийн анхны олимпиад Дундговьд болохоор боллоо. Мань хэдээс 5 нь л явна гээд. Сорил аваад эхний 5-д орсон нь явхаар боллоо. Мо, Баяраа, Отгоо угаас аймар тул эрхээ авлаа. Сүүлийн хүнээр би дөнгөн данган тэнцэж үлдсэн нэг хүнээр Оршихийг (Бат-Орших) авч явсан юм. Орших тэр үед ганц бодлого гайхалтай бодож өөрийгөө сэтгэдэг толгой гэдгээ харуулж явсан юм. Ах нартайгаа нилээд Дундговийн олимпиадад очиж орсон нь Нармандах уяачийн биднийг уяж уралдуулсан хамгийн анхны уралдаан. 11-р сургуулийн баг Манай ангилал л зөвхөн 5 хүнтэй яваад нэг ч медал аваагүй. Бусад ангилалд 1-2 хүн яваад л үүргээ биелүүлж алтуудыг нь түүчихээд ирсэн юм. Манайхнаас хамгийн дээд тал нь Мо 5-д би 7-д орж байснаа санадаг юм. Дээд ангид Төвшинтөр гэж сайн эр байлаа. Ганц дайчин хоншоороо медалыг гуйж биш гуядаж авдаг байсан юм. 8-р ангиас хойш унтарч эхэлсэн дээ чааваас. 7-р ангид байсан Болдбаатар гэж залуу алтыг бас авдаг байв. Тэрний дээр 8-д математикч байдаггүй гэх. 9-р ангид Анх-Эрдэнэ гэж зүгээр хашраадаг эр байлаа. Аа ёстой хүүхдийн тоглоом гэж гарч ирээд бүтэн бодоод алт авдаг. 10-р ангид болхоор 2 эгч байдаг байсан Дундговиос алт мөнгий нь авж байсан байх. Тэр үед багш руу захирал утасдаад амжилтын талаар асууж байсан юм. 10,9,7,6-р ангиуд дээр алтыг нь авсан хамгийн бага 5-р анги нэг ч медалгүй гэж ярьж байхад Чимиддорж захирал ирээдүйд энэ жаалууд утгаар нь хагална гэж бодож байсан болов уу бүү мэд. Эхний олимпиад нэг иймэрхүү. За тэгээд хичээлээ ч хийгээд, Олимпиадын бэлтгэлдээ ч яваад хааяа нэг ангиараа 30 мин РС тоглочихоод амьдрал үргэлжилж л байлаа. 7 хоног болгон Олимпиад болноо. Тухайн үед олимпиадаас нэг хүрэл медал долоовол тэнгэрийн хишиг байлаа. Олимпиад болно эхний байруудад дан 1-р сургууль бичигдэнэ. 1-р сургуулийн 5-р анги тэр үед зүгээр хаанчилж байлаа. 5г 5д гэдэг 2 ангитай. Д-д нь Ивээл, Зулсар, Эрдэнэ, Бат-Уул, Нямдорж, Мөнхдалай гэх мэт. Г-д нь Энхжаргал, Ундралбат, Болд, Эрдэнэ-Очир, Нарангоо гээд зүгээр хяддаг нөхдүүд байсан. 2 анги 2-лаа маш хүчирхэг бөгөөд олимпиад болгон дээр энэ 2 ангийн хооронд хөөрхөөн өрсөлдөөн өрнөдөг байв. Энэ завсраар Нармандахын хэдэн морьдууд чихэж орно гэдэг үнэхээр хэцүү. Нэгийгээ үзэж нэхийгээр уралцан байж Мо хэд хэдэн удаа хүрэл медал хазаж байсан байх. Алалцдаг нь Мо л байж ер нь. Нармандахын гар дээр хэн хамгийн анхны алтан медалыг тавьж байсан бэ? гэдэг асуулт гарч ирнэ. Батсуурь Болдбаяр 2-н аль нь түрүүлж авсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан тэр жилдээ олимпиадаас авсан 2 түрүү нь энэ 2. Баатар (Батсуурь) ч тухайн үед зангарга зааж 84-р сургуулийн түргэн бодолтын олимпиадад тэр аймар алдаг хяддаг нэгийн морьдуудтай зэрэг уралдаад түрүүлсэн залуу даа. Хувилдаг биш байсан шүү тэр үед. Үнэхээр үнэтэй медал л даа. Хүрэл медалы нь Эрдэнэбүрэн авч бөөн баяр болж байсан юм. Харин манай сургуулийн нэрэмжит олимпиад дээр Болдбаяр 20 онооны материалаас 19 авч тасархай түрүүлж байсан юм. Би нэг зүйлд гайхдаг юм. Болдбаяр бол яалтч гүй топ зэрэглэлийн математикч байсан, байх ч байсан. Зөв замаар нь явуулсан бол өдгөө Олон улсын олимпиадаас медал шүүрч байх байсым билүү. Энхзаяатай ойролцоо залуу л даа. Нармандах гэдэг хүн хэзээ ч энэ хүнийг үнэлдэггүй байсанд хамаг учир оршино.
Алтайн хэмээх түргэн бодолтын бас овоо чансаатай олимпиад болж байсан юм. Багын оноогоор бас дүгнэх байсан ба Бо,Мо, Баяраа, Отгоо, Болдбаяр нар 1-р баг болж би гэдэг хүн 2-р баг толгойлж Бубан зэрэг нөхдүүдтэй оруулхаар Нармандах зохицуулсан юм. Тэр олимпиадад Мо нэр төр болж цор ганц хүрэл авсан юм. Мо (Молор-Эрдэнэ) бол түргэн бодолтонд үнэндээ онгироо. Нилээн хэдэн хувилдаг тестийн олимпиадад Мо олон ч хүүхдийн гарт медал бариулсан даа. Дохио зангааны хэл өөрсдөө зохиочихсон Мо бодоод л дохиогоор тараана. Бас нэг удаагийн Алтайн олимпиадад 40 мин хийх материал ердөө 20 минут хийгээд л түрүүлж байсан, баавартай хар. Улмаар энэ олимпиадад 1-р баг багаараа хүрэл медал бас авсан байлаа. Багаараа алт авах бүрэн боломж байсан хэдий ч Отгоо баг алсны дүнд хүрэл рүү шидэгдсэн юм. Би 7-р байранд орчихсон бөгөөд дараа нь би багш дээр очиж өөрийгөө 1-р багт байх ёстойгоо ойлгуулах санаатай ганц нэг юм бувтнасхийхэд "Багш нь ойлголоо" хэмээж билээ. Хэрэв намайг 1-р баг дээр бичсэн бол нөгөө өдрийн од болсон Алтан медал нэгээр нэмэгдэх байсан байх л даа. Удаа дараа олимпиад болдгоороо болж л байсан манайхан хааяа нэг хүрэл авч баярлавал баярладаг бусад үед зүгээр мандатны мөнгө үрдэг байв. Хагас сайн өдөр болгон олимпиад болно гэдэг нь нөгөө талаас биднийг цуглуулж цуг РС-дэх боломжийг нээж өгдөг юм. Пүрэвээ бид 2 олимпиад болгоны дараа РС хайгаал давхичихна шүү дээ. УБ-ын хаана ч байсан. Хааяада олимпиадад орсон гэх нэрийдлээр оролгүй мөнгөөр нь РС-дчихдэг байлаа. Энэ нь үнэхээр боломжийн сонголт юм шиг байж билээ. 1000 төг гэдэг бол РС дэхэд хангалттай мөнгө, дээрээс нь бодолтийг дор хаяж 2 цаг хийдэг тул тайван, гэр орноос татлаа түтлээ байхгүй. Тэгээд ч олимпиадад ороод медал авах байсан биш. Хамгийн их мандатны мөнгөөр РС-ддэг байсан нь Хавк (Лхагвасүрэн), Бүрнээ  (Бүрэнмөнх) 2 болуу. +Өлзий
Олимпиадын талбарт уяач Нармандах үнэндээ жулдаж байлаа. 1-р сургуулийн тэр 2 ангийн багш нь гэвэл хэд хэдэн удаа улсын аварга бэлдэж байсан хашир туршлагатай Нарангэрэл болон Бат-Эрдэнэ нар юм. Нармандах ганцаараа хэдий ч хэзээ ч шантарч байгаагүй бэлтгэлээ улам эрчтэй хийж л байв....
Яагаад ч юм 7 гэдэг тоо надад ээлтэй ихэнхдээ 7-р байранд ордог байв. Сүүлд энэ тоонд гомдох болсон доо. Тодруулбал 6 медалтай олимпиадын дараа. Гэхдээ л би 7-ын тоонд дуртай..... Дүүргийн олимпиад болдгоороо болж манайхан ч угаасаа медал авахгүй нь тодорхой. Хэд хэдэн хүүхэд эрхээ авчихаад баярлаж байсны нэг нь би юм. Нармандахын гар дээр ирээд дүүргэсээ эрх авдаг болтлоо сайжирч байгаа нь энэ л дээ. Сүхбаатар дүүргийн олимпиад гэдэг бол ер нь хотын олимпиад, цаашлаад улсын олимпиад гэсэн үг. Монгол улсын хамаг тэргүүн топ сургуулиуд Сүхбаатар дүүрэгт харъяалагддаг билээ. Дүүргээс ээ эрхээ авсан тул хотын олимпиадад орохынхоо өмнө зөндөө бэлтгэл хийлээ. Нармандах бол мэдээж хотын аварга бэлдэх гэж зорьж байсан. Тэрний өмнө жил 5-р ангид манай дээд ангийн хэн ч билээ түрүүлж байсан гэсэн. Хотын аварга хэмээх гуншин хаа байсын тэ-ээр дээр сонсогдож байлаа. Зиа тэгээд л УБ хотын олимпиадад зарим нь анх удаа, зарим нь 5 дахь удаагаа, миний хувьд 2 дахь удаагаа орж байгаа нь энэ. Гэсэн ч 1-ийн эрлэгүүдийн дээр гарна ч гэж юу байхав.10-р байрнаас доошоогоо л бүгд бичигдсэн байх. 11-р сургуулийн 5-р ангиас Од л хамгийн олигтой бодолт хийж шагналт байранд орж байсан юм даа. 5, 6-р ангиудын эхний 10-т орсон сурагчдыг тасалж аваад Коперникийн гэх айхтар өндөр шагналтай, тансаг олимпиадад оролцуулсан юм. Од тэрэнд шалиагүй ч манай сургуулийн дээд ангийн Барсаа түрүүлж байсан. Өгүүлбэрээ нэг харчаал “Өө ийм амархан юм уу” гээд машиндчихсан гэнэ лээ дээ. Нармандахын ажлаа хүлээж авсан эхний жил нэг иймэрхүү байлаа. Авсан нийт медалуудын тоо гарын арван хуруунд тоологдохоор. Мо л цор ганц шилдэг нь байж нэг бусаар тоологдох хүрэл, мөнгөн медал атгаж байсан юм.
Хотын олимпиадаас хойш ОБ 
(олимпиадын бэлтгэл) гээч юм зогсонги байдалд орж анги дэвших шалгалт зэрэгтээ бэлддэг байв. 5-р ангиа ч төгсөж зун 2 сар амраад хичээл эхлэхэд 1 сар дутуу байхад буюу 8-р сард Нармандахын дуудлагаар ирж ОБ ордог байлаа. Аа тийн тэрнээс өмнө зун НАРС зуслан муслан гээд хэдэн юм орж байсан билээ. Нэг түүх санаанд оров. Нарс зуслан дээр амарч байсан 5-6-р ангийхний дунд олимпиад зохиоход би 3-т орж өргөмжлөл ундаа авах хэдэн төгрөгөөр шагнуулж байсан юм. Эхний 2-т Өлзийбаяр, Энхзаяа гэж тухайн үед үеийнхнээсээ тасраад эхэлж байгаа 2 нөхөр орсон юм.
Гэртээ амарч байхдаа бүгд бага сага юм харж л байсан байх. Энэ жил бид нэг анги өгсөж 6-р биш 7-р анги болж байгаа юм. 9 сарын 1-ээс хичээл ороогүй, сургууль маань их засвар хийгээд 10 сар гартал дахин амарсан билээ. Хичээл ч орж эхлэнгүүт бэлтгэлээ шаргуу хийн хамгийн эхний олимпиад болох Энхболдын нэрэмжит улсын уралдаанд орлоо. Улсын олимпиадаас дутахааргүй чадал чансаатай 2 жилд нэг болдог олимпиад билээ. Отгоо (Отгонбаатар) тэр олимпиад дээр төгс бодолт хийн 5 бодлогоноос full бодон алтан медал авч Нармандахын магнайг тэнийлгэсэн юм. Тэрнээс 7 хоногийн дараа 48-р сургуулийн олимпиад болов. Бас ч гэж чансаа өндөртэй уралдаан. Тэр олимпиадаас би гэдэг хүн 2 бодлого бодон түрүүлж байсан юм. Багш над дээр хүрж ирээд "алт" гэхэд үнэндээ итгэсэнгүй. Нэг ч атугай хүрэл медал авч үзэх юмсан хэмээн мөрөөдөж байсан, анхны медал алт гэхээр итгэмээргүй байсан нь аргагүй. Би 2 бүтэн 12 оноотой миний ард Харандаа буюу Ундармаа 11,5 оноотой мөнгөн медал авч байсан юм. Тэр үед анх удаа радио болон сонинд ярилцлага өгч билээ.... Ундармаа бидэн 2 тэр үед зэрэг алтан медал авч болох байсан ч тэр нэг бодлогон дээрээ 2-ийгоо нэмэхээ мартаад хариугаа буруу гаргаж ёндоогүйтэж байсан. Гохь чинь л гэж хэлий даа хэхэ. Тэр үед би гохь чинь гэж хэлсэн бол тэр том хар охин намайг хүрж ирээд зүгээр л индүүдчих байлаа. Тухайн үед Ивээл, Ундармаа 2 аниа байсан даа. Энэ 2-оос л айж явдаг байлаа хэхэ.
2 томоохон олимпиадаас дараалж алтан медал авч үзээгүй юмаа үзэж байгаа манай багш баяр хөөртөө автаад хэд хоног нилээд халамцаж явсан билээ. Миний хүү гэж шавь нараа нэг нэгээр нь тэвэрч авч үнэсээд л .... Баяраа аймар байлаа. Тэрний дараа 5 олимпиад дараалан Баяраа түрүүлж байсан юм. Түүний дараа Мо (Молор-Эрдэнэ) Алтайн олимпиадад алт авав. Хувилдаг түргэн бодолтын олимпиад тэр жилээс эхлэн зохиогддог боллоо. Медалын тоо хязгааргүй хийж чадаж л байгаа бол ав гэдэг олимпиад. Медалны бараа харж байгаагүй Нармандахын морьд тиймэрхүү олимпиадаас анхны медалуудаа авч бөөн баяр болж байлаа. Хожим тиймэрхүү олимпиадаас медал авч чадаагүй нь онигооны номон дээр бичигддэг болсон доо. Нэгэн удаа ийм хувилдаг олимпиад дээр би ганцаараа 100% тестээ бөглөж түрүүлж байсан юм. 30, 40-өөд хүүхэд медал авсан ч нэг л алтан медал байсан. Хэдий чансаа муутай миа олимпиад ч алт шиг алтан медал билээ тэр.
Өнгөрсөн жил 1-р сургууль dominating хийдэг байсан бол энэ жил бидний ээлж нэгэнт иржээ. Баяр хөөр давхацсан үеүүд ар араасаа хөврөнө. Энэ бол яалт ч байхгүй Нармандах гэдэг хүний уйгагүй хөдөлмөрийн үр шим. Тэр хөдөлмөрлөсөн тэрнийхээ үр шимийг хангалттай хүртэж байгаа нь энэ. Яг ч 100% dominate гэвэл бас худлаа. Хааяа 1-р сургуулийн Мөнхболд, Мөнхдалай нар бидний дээр гарч түрүү магнайг эзэлдэг байсаан. Гэхдээ ерөнхий масс үзүүлэлт 11-р сургууль дээр бичигддэг байв. Доор хүндэтгэлийн мэндчилгээний самбарт талархал гэсэн бичиг дор ойрын олимпиадад медал авсан сурагчдийн ангийг нэртэй нь бичдэг байсан билээ. Тэрэнд 7а, 7б гэсэн бичиг дийлэнх нь байв. Гэхдээ дээд ангиудад чанга эрс мэр сэр байсан хэвээр. Доод ангийн бацаанууд тэр бичигнүүдийг уншаад л “Баяраа гэж та юм уу?” гэж асууна.Медалын буухиа үргэлжилсээр, амжилтын цуваа тасрахгүй. Сант сургуулийн олимпиадад би нэг удаа мөнгөн медал авч байлаа. Дүнгийн хурал үнэхээр сүрлэг болж байсан. Чингис зочид буудалд хүлээн аваад л төрийн томчууд гарч үг хэлээд, ангилал тус бүрт өөр өөр томчууд хувийн бэлэг ээ гардуулж байсан. Манай ангилалд Говь компанийн хүн байсан бөгөөд цэвэр ноолууран ороолт бас бүс зүйлийн хамт шагнуулж байсан юмдаг.
Тэр үед бидэн дундаас хамгийн сайн нь Болор байсан. Шалгалтууд дээр байнгын өндөр оноо авна. “Болор шиг ийм уйгагүй, хөдөлмөрч, хичээнгүй хүнийг анх удаа харж байна“ гэж Нармандах нэгэнтээ айлдсан байдаг. Анги дээр хамгийн аймар нь хэдий ч уралдааны талбарт амжилт нь харагддаггүй байлаа. Сэтгэлзүй талаасаа бэлтгэгдээгүй байсан боловуу гэж өдгөө би таамаглаж байна.
Хавк 
(Лхагвасүрэн) ёстой алиа. Олимпиад болгоны дараа “Ооо ёстой мань найдвартай тэдэн бодлого, Мань ёстой медал наййййдвартай авцан” гээл гараад ирдэг дараа нь дүн харангуут байхгүй. Заримд нь Хавкийн нэр хайгаад олдохгүй. Сүүлдээ өөр  хэн нэгэн “би 4 бодлого бодсон” гэхэд “битий шаа чи ямар Хавк биш дээ” гэдэг болсон байлаа. Бас дээр үеийн сонин дээр Хавкийн жоохны зураг "Ирээдүйн математикч" гэсэн гарчигны доор тавигдсан байсан ба тэр сонинг хэн нь билээ анги дээр авчираад дараа нь Хавк өөрөө алга хийсэн юм....
Хэдий бид ийм амжилт гаргаж байгаа ч РС гээч юм алга болох болоогүй л байсан. РС дэлт улам нэмэгдсээр. Нармандахад РС-нд олон ч удаа баригдаж байсны хамгийн гашуун нь ийм түүх бий. Өглөө олимпиадын бэлтгэл дээр бүгд цагтаа ирчихээд багш ирэхгүй болхоор РС дэхгээд 2 ангиараа гараад явлаа. Буудлын РС-нд очоод яг гоё тоглож байтал хаалга нүддийн. Нармандах багш маань дүрээрээ орж ирлээ. Бүгдийн нь цохиод босгож гараад л 101-ийн цаад талын өрөөнд оруулж байгаад л алган боовны амт амслаа даа. Тэр үед ОБ таслах шаардлага шалтгаан гардаггүй байсан. Хичээл өдөр ордог тул. Голцуу юм хийсэнгүй л гэж нүдүүлдэг байсан даа. Гэхдээ Нармандахын зодуурыг хааядаа амсаж өссөнөөр одоо бид муудсан юм алга. Харин ч даруулгатай, юмны учир мэддэг болсон байх. Орой хичээл тараад хэд хэдэн удаа РС – нд баригдаж маргааш нь арга хэмжээ авхуулж байсан юм даа.
Цаг хугацаа яван явсаар он гараад дүүргийн олимпиад болов. Тэр олимпиадад Олико 
(Батзоригт) түрүүлж Болор-Эрдэнэ 3-т орж байсан юм. Оликогийн анхны медалуудын нэг нь энэ. Боб-ых ч бас. Гэхдээ түрүүлсэн хүнд л дурсгалын алтан медал өгдөг ба 3-р байранд орхоор зүгээр өргөмжлөл өгдөг байлаа. Дүүрэгт түрүүлсэн гээд багш хэдий баярлаж байгаа ч болоогүй. Хотын олимпиад руу дурангаа чиглүүлээд тэрний төлөө бэлдэж эхэлсэн юм. 5, 7 –р ангиудад Нармандах багш биднийг хангалттай сайн бэлдчихэж чаддаг байв. Тэрнээс хойш 8-р ангиас эхлээд бодлогуудаа ер нь хүчирхээ байгаад ирсэн дээ. Бидний амжилтын гол шалтгаан бол геометр, тэнцэтгэл биш сайн судалсанд байгаа юм. Энүүгээрээ л 1-р сургуулиас давж гарч чадсан. Хотын өмнөхөн Их Сунгаа гэх 1-р сургуулийн олимпиад жил болгон зохиогддогоос тэр жил анхных нь болов. Бас ч айхтар чансаа өндөр олимпиад. Бодлогоны чансаа ер нь юм юм нь хоттой бараг ижил. Тэрэнд Од (Мөнх-Од), Олико (Батзоригт) 2 зэрэгцэж сууж байгаад бодлогуудаа хувааж бодон Алт, Мөнгө авч байсныг одоо хүртэл 1-р сургуулийнхан маш сөргөөр дурсдаг. 11-ийн балиар юмнууд гээд л улиг болтол ярьсан даа. Тэр олимпиадад эхний 10-т орж чадвал дүүргийн эрхээ авдаг байв. Өмнө нь дүүргийн эрх авч чадаагүй бол энд боломж олгож байгаа юм.
Бэлдсээрэн байтал нэг мэдэхэд л хотын олимпиад боллоо. Улсынх гэж байхгүй тул бидний хувьд хамгийн том шалгуур энэ л юм. Тухайн хүүхдийн бүтэн жилийн хөдөлмөр эндээс л харагдана. Хэд хоногийн өмнө нь Баатартай алхаж байхдаа мань хотоос медал авнаа гэж ярьж байсан. Өнгөрсөн жилийг бодвол медалны талаар арай нэг төсөөлөлтэй орцоогоолоо. Өмнө нь зүгээр орох гэж ордог байсан бол энэ удаад тэмүүлэлтэй ордог болов. Тэр үед зүгээр нэг л өдрийн бодолт хийдэг байсан санагдана. Би өөрийгөө бас ч гэж дажгүй бодчисон гэж бодож гарч ирлээ. Олимпиад болгоны дараа багш маань үүдэнд хүлээгээд бүгдийн гарч ирмэгц хэдэн навсгар хүүхдүүдээ дагуулаад анги дээрээ ирээд бодлогоо ярьдаг уламжлалын дагуу энэ удаад ч тэгэв. Чухал олимпиадын дараа энэ бол их үр дүнтэй үйл ажиллагаа юм. Бүгд өөрийн хэдэн бодлого бодсоноо яриад багцаа оноогоо мэдээд авдаг. Тэгээд тэр оноондоо хүрэхгүй бол бодлогоо хамгаалах хор найруулж эхэлнэ шүүдээ. Ярьж дуусчихаад гэртээ харьж амраад орой ирж бодлого хамгаална гэв. Гэртээ ирж юм идчихээд жаал унтах гэхэд нойр хүрдэггүй. Энэ бол асар том сэтгэлзүйн тоглоом. Нар жаргангуут 1-р сургуулийн дуудлагаар өөрийн эрхгүй тэнд очно. Сургуулийн байшинд ойртох тусам зүрх хурдан савлаад л дүн гараа болуу яагаа бол гээд л хэдэнтээ санаа зовдог. Манайхан нэг нэгээрээ цуглаж тэр хавиар эргэлдэн дүн гарахыг хүлээдэг. Багш маань тэрүүгээр бас яг адилхан сандраад л комисс хавиар эргэлдэж медалт байрнуудын талаар чимээ дуулчих гээд л ихэд мэрийнэ. 1-р сургуулийн харанхуй 4-р давхрын цонхны тавцангуудад нэг нэгээрээ суучихаад дүнгээ хүлээн хоорондоо юм яриад сууж байдаг хаврын тэр өдрүүдийн талаар үнэхээр сайхан дурсамжууд үлдэж дээ. Тэгж байхад гэнэт л нэг нь манайхан дүн гарчиж гэнгүүт бүгд сандаралдан доошоо уралдаж дүнгээ хардаг байж билээ. За тэр жилийн олимпиадын яриандаа эргээд орий. Яг дээрх шиг хүлээсээр дүн гараад сандаралдаад очиж харвал яг 6-р байранд бичигдэж байлаа. 2 хүүхэд орж хамгаалаад оноогоо нэмүүлсэний дараа би эхний 6-аас жийгдлээ. Тэгэхээр нь би 2 оноо авсан бодлогон дээрээ орж хамгааллаа. Уг нь бодчихсон байсан ч тайлбар дээр хангалтгүй тул тэрийгээ бүтэн 6 оноо болгоно гэж байсангүй. Засч байгаа хүнд бодолтын санаагаа ойлгуулан чадхаараа хамгаалаад 1.5 оноо нэмүүллээ. Энэ нь хүрэл медал авахад хангалттай хүрэлцэх оноо. Одоо би доошоо унана гэж байхгүй. Миний араас Од (Мөнх-Од) орж ирж хамгаалаад 6-р байраар сүүлийн хүрлийг баталгаажуулсан юм. Харин муу Мо гоо билүү Баяраа гаа билүү медалт байранд дээр байхад нь оронд нь орж гомдоож байсан юм. Гэхдээ энэ бол хатуу тоглоом...... Од бид 2 хүрэл дээрээс буухгүй нь тодорхой, Болдбаяр мөнгөн медал хангалттай хийчихсэн харин Отгоо хотын аварга болохуу гүүюүү гэдэг асуудлыг хэлэлцэх гэж байлаа. Отгоо тэр бодлогыг бодоод цаасан дээрээ биччихсэн. Гагцхүү нэг жишээ харуулаад зурчихад л хангалттай байлаа. Тэгсэн цагт бүтэн оноог нь өгөөд хотын аваргаар өргөмжлөх байсан юм. Хамгаалалтын өрөөнд Нарангэрэл Нармандах 2-ын тулаан ширүүн өрнөж байлаа. Засалтын комисс энэ хүүхэд бодчихсон байна гээд 6 оноог нь өгчий гэж ярьж байсан хэдий ч Нарангэрэл цаанаас нь орж ирээд шавар хаагаад байсан юм. Бүтэн жилийн турш дарамтлуулчихаад хамгийн том даваан дээр түрүүгээ өгөхгүй гэж гонжирч байгаа нь тэр. Дээрээс нь засалтын комиссынхон бол олон жилийн өмнө 1-р сургуулийн Нарангэрэл багшийн удирдлага дор төгссөн улсууд байдаг билээ. Иймд Отгоод шууд алтан медал өгчихөд хэцүү. Эцэст нь Отгоо өөрөө жишээ зурж чадвал оноог нь өгөхөөр болов. Гэвч Отгоо доошоо хараад л суугаад байв. Тэр үед мань эрийн бие муу байсан бөгөөд ээж нь хаалганы гаднаас санаа зовоод л. Бүхэл бүтэн 3 цаг хэрүүл маргаан, алтын төлөө тэмцэл болсоны эцэст манай тал бууж өгөн Отгоо мөнгө дээр бууж байгаа нь тэр. Бас л маапаантай асуудал л даа. Отгоо хотын аварга гээч эрхэм цолыг өөрийн толгойгоороо үнэхээр хийчихсэн байв. Чамлахаар чанга атга, голоод байх зүйл бишээ.
1 сургууль дээр шөнийн 2 цаг хүртэл хүлээсний хэрэг ингэж гардаг юм. Баяр хөөртөө автаад нойр хүрэх ядрах гээчийг ер мэддэггүй билээ. Найдлагагүй хэд нь нэг нэгээрээ тэндээ явсаар хамгийн сүүлд медалт байран дээр бичигдсэн хүүхдүүд л үлддэг жамтай. Багш нар согтуу харагдаад эхэлвэл ер нь хамгаалалт дуусч байгаагийн шинж. Хамгаалалт дуусангуут хамгийн сүүлд гарсан хүснэгтий нь хуулж аваад л бүх юм дууслаа гээд багштайгаа цуг тэндээс гарна даа. Хэд хоног тэсэн ядан хүлээсний эцэст С. Цагааны нэрэмжит хотын олимпиадын дүнгийн хурал болов. Хар Мо-ийн (Молор-Эрдэнэ) цагаан бацаан тэр үед бас медал авсан тул түүний Мөнхдалай ах ТВ-5 телевиз дуудаад л. Багш маань ярилцлага өгөөд л. Сүүлд сонсохнээ зурагтаар бид хэд гарсан гэсэн би үзэж амжаагүй. Эдүгэ муухан сураггүй телевизийн жүжигчнээс илүү нэр хүндтэй багш маань анхны удаа зурагтаар гарч ярилцлага өгч байгаа нь энэ билээ.
Отгонбаатар, Болдбаяр, Ганжигүүр, Мөнх-Од эдгээр хүүхдүүд хийдгээ хийсээн. Одоо санаа амар 7-р ангиа төгсөж болно. Нармандахын үүрэгт ажлаа хүлээж авсан 2 дахь жил нэг иймэрхүү. Өмнөх жилээс Нармандах болон түүний шавь нар хөдөлмөрөөрөө олон юмыг өөрчилсөн. 11-р сургуулийн ирээдүйг тодорхойлох шинэ үе бэлтгэгдэн гарч байна. 5-р ангид 20-оодхон төмөр авч байсан бол энэ жил өмнөх жилийнхтэйгээ нийлүүлээд тоолвол 100 давахаар болгосон байв. Цөөхөн хэдэн уралдаанд түрүү магнайгаа бусдад алдсан амжилттай. Нармандах амжилт бүтээлээр дүүрэн 7-р ангиа баяр хөөртэйгээр төгсгөж байгаа нь энэ.

Үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment