RSS

Tuesday

gereenuud


Надад яг одоо минийх болон Бобынх байна. Энэ 2-г юун түрүүнд тавьчихъя. Бусад нь эссегээ өөрсдөө нийтлэх юмуу эсвэл аүторууддаа өгөөрэй...

hey hey

З. Боб

“Амьдрал бол хүссэннээ идэж болох зоогийн газар” гэсэн сайхан зүйрлэлээр энэхүү эссегээ эхэлж таны мэлмийд толилуулъя.
Яагаад амьдралд нэг нь ерөнхийлөгч, нэг нь эрдэмтэн аль эсвэл нэг нь архичин, нэг нь хулгайч болдог юм бэ. Бүгд л нүцгэн ирээд нүцгэн буцдаг биш үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Миний бодлоор амжилтанд хүрсэн хүмүүсийн бусдаас ялгагдах хамгийн гол ялгаа бол өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадсанд байдаг болов уу. Хана ширтэн зүгээр гиюүрч сууж байхад нь тэнгэрээс амжилт нисээд ирнэ гэж байхгүй шүү дээ. Намайг бага байхад гэрийнхэн маань <“зах зээлийн” ухаантай хүүхэд шүү, наймаа хийвэл ч гайгүй сайн хийчихнэ дээ миний хүү> гэдэг байж билээ. Өглөө босоод л ээжтэйгээ хамт тортоо зарахаар “Меркури” дэх лангуу руугаа явж ээжийн эзгүйд ажлаа шаггүй сайн хийчихдэг байсан ба гэрийнхээ хүнсний зүйлийг бяцхан хүү нь цуглуулдаг байсан болoхоор хүүдээ урам хайрласан хэрэг байх. Энэ цаг үеэс би сэтгэл зүрхэндээ нэгийг мөрөөдөж ирсэн. Мэдээж бүтэх эсэх нь тодорхой биш ч сайн бизнесмен, улс орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулах сайн эдийн засагч болно доо гэж бодох болсон юм. Эдийн засгийн удирдлагын ухааны салбарт Ази тивээс анхны Нобелийн шагнал хүртсэн Солонгосын алдарт ДЭҮ компанийн захирал Ким Ү Жүн <Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна> номондоо “Миний бага нас их ядуу зүдүү байсан. Би шөнө дөл хүртэл номын санд сууж, шөнийн тэнгэрийг ширтэн ажихад давжаахан цээжийг минь дүүргэдэг байсан мундаг бизнесмен болно гэсэн мөрөөдөмтгий дэврүүн сэтгэлээ одоо хир би мартдаггүй юм. Би хэзээ ч шантарч байгаагүй ...” гэсэн байдаг. Энэ бизнесмен шиг болохын тулд өөрийгөө сонсож, өөрийгөө удирдаж, өөрийгөө ялан дийлж амжилт гаргах нь миний нэн тэргүүний зорилго юм. Хэзээ нэг өдөр уншигч та Монгол брендийн зурагт үзэж, Монгол брендийн гар утсаар ярьж, таны амьдрал дэлхийд танигдсан Монгол брендтэй салшгүй холбоотой болох үе ирнэ гэдэгт итгээрэй. Уйгагүй суралцаж байж өсч хөгжинө, биеэ тоож эхэлвэл өсч урагшлах зогсож, хөгжих бололцоогоо алдана. Эргэн тойрноосоо нөлөөлж буй дохио сануулгыг сэтгэл зүрхнээсээ мэдэрч өөрийгөө чамлан идэвхийлэн суралцах болно оо. Анхаарал тавин уншсанд баярлалаа.

Хүндэтгэсэн З.Боб

хххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Жий

Мастерплан

Цаг агаар аажмаар дулааран хавар цаг айлчилж байгаль дэлхий өнгөө сольж байна... Номон дээрээс ингэж бичигдсэн хэсгийг уншмагц урин дулаан цагийг дотроо төсөөлөн, бүлээн салхи үлээж, шинэхэн ногоо үнэртэх шиг л болдог. Гэвч хаврын улирлыг зарим оюутан сурагчдын нүдээр харахад ачаалалтай өдөр хоногууд, дараалсан олон шалгалт шүүлгүүд, ядаргаанд орох гэх зэрэг мэдрэмжүүд төрдөг байх. Би тэдэнтэй адил хавар цагийг ингэж төсөөлдөг болоод 10 жил болж байна. Сурагч насны минь хувьд энэ миний эцсийн хавар. Амьдралын их далайд далбаагаа намируулан гарахад нэг алхам ойртож буй нь энэ билээ. Бүх шинжлэх ухааны хаан нь математик гэдэг. Миний өдий хүртэлх амьдрал энэ шинжлэх ухаантай нягт холбоотой. Багаас математикт дуртай байсан бөгөөд 4-р анги төгсөх жилдээ Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуульд шалгалт өгч элсэн ороод Нармандах багшийн гар дээр ирсэн нь уг шинжлэх ухааныг илүү гүнзгий судлахад том түлхэц болсон гэж үздэг. Би энэ “уяач” багшийн олимпиадад уяж уралдуулдаг гарын 10 “морьд”-ын нэг. Багаасаа уралдаан тэмцээнүүдэд байнга оролцож амжилт гаргаж байсан минь миний ирээдүйн амьдралд чухал хувь нэмэр болно гэж манайх гэр бүлээрээ боддог. Математикийн шинжлэх ухааныг судалснаар хүн цэгцтэй зөв бөгөөд задгай сэтгэх чадвартай болдог ба дөлгөөн тайван, юмыг хийхээс өмнө боддогт сургадаг. Өмнө жил монголоосоо шалгаран Казахстан улсад зохиогддог олон улсын олимпиадад оролцох боломжтой байсан ч тухайн үед дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж, санхүүгээр ивээн тэтгэх байгууллага олдоогүйн улмаас явж чадаагүй. Харин энэ оны эхэнд бүх зүйл бүрдэж эх орноо төлөөлөн энэ олимпиадад амжилттай оролцоод ирсэн минь надад олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Бусад улс орны үеийн хүүхдүүдтэй харьцаж найзлан, нөхөрлөхөд үнэхээр сайхан байсан ба газар үзэж олон ч сайхан зүйл харсан. Алдарт Ейффелийн цамхгийг гадныхан хараад уулга алдан шагшин магтаж байхад Монгол хүн тэрийг хараад “Төмөр нь байвал хийчих л юм байна шүү дээ” гэж боддог шиг ямар ч гоё сайхан зүйл харсан эх оронтойгоо харьцуулж, эх оронд маань яагаад ийм зүйл байлгаж болохгүй гэж хэмээн боддог нь Монгол хүний гэм биш зан гэлтэй. Казахстан улс манай оронд зарагдаж буй өндөр үнэтэй түлшний асуудлыг шийдэж чадах мэт санагдсан бөгөөд нөгөө талаас тэд Монгол малын сүү, мах зэргээр дутагдаж байгаа мэт. Тэнд байх хугацаанд хэдийн ядуу ч Монгол хүн, Монгол ухаан, Монгол сэтгэхүй дэлхийн хаана ч гологддогүй гэдгийг ойлгосон. Уламжлалт нүүдэлчин соёл, ёс заншил, дэлхийн хаа ч байхгүй байгалийн үзэсгэлэнт сайхан газар нутгаа чадах ядахаараа зүтгэн 21-р зууныг хүртэл бүрэн бүтнээр нь авч үлдсэнээрээ өөрийн ард түмнээр бахархах хэрэгтэйгээ тэндээс л мэдсэн. Эдийн засаг, мөнгө бол хийж болдог зүйл. Харин байгаль, эрүүл орчинг?
“Өнөөгийн монголын шинэ үеийн залуус гадаадад өөрсдийгөө Монгол гэхээс ичиж байна. Хүн ядуугаасаа бус тэнэгээсээ ичих ёстой” хэмээн дэлхийг тойрон аялдаг Монгол залуу хэлсэн байдаг. Түүний аян замын тэмдэглэл, үзэл бодлыг унших тоолондоо “мундаг залуу шүү” хэмээн бодож хэзээ нэгэн цагт энэ залуу шиг олон улс орнуудаар аялж эх орноо сурталчлахын зэрэгцээ, гадны соёлыг ч гэсэн мэдэж аван эх орондоо таниулж дэлхийг монголтой холбох жижигхэн ч гэсэн нэг гүүр нь байхсан гэж мөрөөддөг. Даяаршиж байгаа энэ нийгэмд хэзээ нэгэн цагт ааваараа “Миний хүү, Монголын хүү бас дэлхийн хүү болжээ” гэж хэлүүлэх цаг ирнэ гэдэгт би итгэж явдгаа нуух юун. Юу юунаас түрүүнд эцэг эх хоёр минь намайг сургуулиа амжилттай төгсөж, их сургуульд суралцан сайн ажил мэргэжилтэй болж, сайхан амьдрахыг хүсэж байгаа нь эргэлзээгүй. Гэвч сайхан амьдрал гэж яг юу юм бэ? гэсэн асуудал гарч ирнэ. Хүн нэг л амьдардаг. Өглөө бүрийг жаргалтайгаар угтан, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь энэ мөн чанарт дөхөж очих болов уу. Тийм байхын тулд мэргэжлээ зөв сонгох ч нөлөөлнө гэж хүмүүс ярьдаг. Үнэний ортой. Маш олон сонголттой хаалгануудаас би нэгийг л сонгон татах учиртай бөгөөд ямар хаалганы цаана намайг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Томоохон нийгмийн зүтгэлтнүүдийн “Хэрхэн мэргэжлээ зөв сонгох вэ?” хэмээх лекцүүдэд сууж байхад ерөнхийдөө нэг л агуулгатай зүйл ярьж байсан. Өөрийн сонирхолтой хийхийг хүсдэг зүйл, өөрийн яг одоо чаддаг зүйл зэрэг зүйлсээ огтлолцуулаад тэндээсээ нэгэн үр дүнд хүргэх гэсэн. Би хөлбөмбөг сонирхдог тоглох дуртай, математик, физикт сонирхолтой бас хөгжим тоглох, дуу бичих дуртай. Амьдралын ухаанд суралцаж эхлээгүй байхдаа өндөр цалинтай мэргэжлийн хөлбөмбөгч болно гэж боддог байсан нь бараг бөмбөг өшиглөх дуртай хүүхэд бүрийн хийсвэр мөрөөдөл байх. Харин хөгжим тоглох мөрөөдлөө одоог хүртэл гээгээгүй л явна. Ирээдүйд сонгосон мэргэжлийнхээ хажуугаар олон сайхан аялгуу дуу бичнэ гэсэн зорилготой. Мөн сонирхолдоо тулгуурлан энд тэндхийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хичээн, гадаадад суралцаж сайн боловсрол эзэмшээд, шинэ үеийн сэхээтэн залуустайгаа нэгдэн Монгол орны төлөө хамтран ажиллах болно гэж боддог. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Одоо би ирээдүйн сайхан амьдралын төлөөх “Мастерплан”-аа бичиж сууна. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өөрийн гэсэн “Мастерплан”-тай гэдгийг би мэднэ. “Мастерплан” гэдэг нэртэй дууг ч би сонсох дуртай. Надад өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго бий. Гагцхүү түүнийг хөдөлгөх бага зэрэг хүч надад хэрэгтэй бөгөөд түүнийхээ төлөө тууштай тэмүүлэх арга ухаанд суралцаж байна.

Хүндэтгэсэн Жий

ххххххххххххххххххххххххххххххххххххххххххх



Цааш нь унчих юмсан...

Thursday

Үхэл ба амьдралын зааг

Үнэн худал 2-ын хооронд 4 хуруу байдаг бол үхэл амьдрал 2-ын хооронд хэдэн хуруу байдгийг тоолоход нэг их хэцүү биш. Энэ мэдээж арилжаачид болон агаараар нисэгчдийн дунд байдаг үг. Өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй, эцэг эхээсээ хараат бус амьдардаг болчих юмсан гэж миний үеийн хүн бүр л бодож явдаг байх. Би ч тэдний нэг.





Нас нэмэхийн хажуугаар бидний гарлага ч ихэсч энд тэнд өр зээлний асуудал байн байн гарч ирдэг нь нууц биш. Өнгөрсөн зун Суурьтай хамт Витафит үйлдвэр дээр хэсэг хугацаанд ажиллаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Зуны цагт зүгээр суухаар тэнд хөлсөө гоожуулаад гарч ирсэн цалингаараа үр дүнтэй зүйл хийвэл яахав дажгүй л юм билээ. Бие бялдрын хувьд ч.. Харин тэндээс өөр ажлын байр байхгүй оройд нэгнийгээ отож ганц нэг шил юм тойруулдаг хулгаруудын хувьд энэ нь яавч амьдралын баталгаа биш ээ. Цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний дунд амьдрахад урагшлах вариант нэг их хувь байхгүй л болуу. Зөвхөн өнөөдөр маргаашаа харж амьдарна гэсэн үг л дээ. Юу гэх гээд байнаа гэвэл сурч байгаа мэрэгжилдээ бид эзэн нь болж баталгаатай амьдралын замыг эртхэн засч аваарай л гэж хэлэх гээд байгаан.

Нийтлэлийн гол хэсэг рүүгээ оръё. Би бээр шинэ сургуульд шинэ нөхдийн хамт шинэ бизнест татагдан орсон гэдгийг ч та бүхэн мэдэж байгаа. Харгис хэрцгийгээрээ алдартай, мөн өгөөмөр баянаараа ч цуутай Форексийн арилжаа. Энэ бизнест чаддаг хоншоортой нь хүссэн хэмжээгээрээ хүүдийлдэг. Энэ бүхэн нэг л бэлэн юм шиг санагдаад <Мань наад бизнест чинь хүч үзье аа> гээд сонирхоод байсан улсууд энэ нийтлэлийг унших нь зөв байх. Чи энэ зах дээрээс мөнгөө 100%, 1000% хувь өсгөж авахад тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ энэ бол маш их эрсдэлтэй юм. Хоромын дотор чи саятан, хоромын дотор чи гуйлагчин, хоромын дотор амьдрал чинь диваажин, хоромын дотор амьдрал чинь там болж болно. Үхэл амьдрал хоёрын хооронд хэдхээн хуруу бий. Өөрийгөө үнэхээр тамын хаалганы урд ирснээ мэдвэл юм юм л чиний толгойд бодогдоно. Үнэхээр их зүйлийг эргэцүүлж бодно. Эсрэгээрээ олон жил арилжаа хийсэн хүний хувьд бол энэ бүхэн нэг л дасал болсон юу ч болоогүй мэт сууж байх болуу гэж бодож байна. Ийм учраас миний бие, сэтгэлзүй энэ бизнест арай л балчир байна. Хараад байхад баавартай инээсэн том том агаа нар л энүүгээр оролдож харагдана. Миний мэдээгүй сураагүй техник болон суурь шинжилгээ, ашиглаж чадахгүй маш олон индикаторууд байгаа. Хичээлүүдээ эхнээс нь дахин сайн судалж бэлэн болсон цагтаа эргэн арилжаандаа эрч хүчтэйгээр орох болно. Мэдлэггүй туршлагагүйгээсээ болж л бүдэрсэн. Улмаар нэг бүдэрсэн бол 7 бүдэрнэ. Ингэснээр л Gamblers mind cycle-д орж байгаам даа. Чи покер тоглоод нэг алдана. Дараачийн удаа bet-ээ 2 дахин өсгөнө. Учир нь чи хожвол алдсанаа нөхнө. Гэвч чи ахиад хожигдоно, түүний дараагаар дахин bet-ээ 2 дахин өсгөнө гэх мэтчилэн хэдийгээр чи 1-л хожиход өмнөх бүх алдагдлаа нөхөх авч bet өсөхийн хэрээр чиний эрсдэл нэмэгдээд л байна. Сүйрлийн чинь гол учиг нь эрсдэлийн менежментээ зохьцуулж чадаагүйд оршино. Өмнө чи эрсдэлээ зохьцуулах арга тактик боловсруулсан байвч тамын хаалганы урд очсон чиний сэтгэлзүй түүнийгээ хэрэгжүүлэхэд ч ээдрээтэй. Эрсдлийг далайцаар нь давтамжаар нь буруулдаг замууд бий. Ийм учраас мэдлэгтэй, туршлагатай болох нь л чухал. Ийм скиллүүдийг хангалттай эзэмшээгүй арилжаачин форексийг тоглох биш форекс түүнээр тоглоно.



Бид 2-н хувьд 100$-н бялууг 500 хүртэл хөгжүүлээд бялууныхаа 4/5-г нь гаргаж иднэ гэсэн зорилготой байсан авч 400-ын босго даваад онколдсон. Тэнгэрээр нисэж явсан цаг саяхан даа. Сар хагасын хугацаад 100$-г 500$ хүртэл өсгөдөг хөрөнгө оруулалт нэг их олдоод байхгүй л боловуу. Эргээд харахад бид 2 азтай ч байж, зоригтой ч байж, бас ёндоогүй ч байж. Автобусны буудал дээр автобус удахгүй ирнэ гэж баттай хэлж чадахгүй. Гэвч буудал автобус хүлээж буй зорчигчид автобус удахгүй ирнэ гэж бодоод л хүлээж зогсдог билээ. Гэвч автобус ирээгүй. Ийм л юм болсийм даа. Клуб даяараа, захирал хүртэл нефт өснө 100-ийн босгыг давна хэмээн таамаглаж байсан ч эсрэгээрээ огцом уналт болох нь тэр. Хэн ч тэгж таамаглаж байсангүй, магадгүй бид буруу шинжилсэн байх. Дэлхийн нилээд хэдэн газарт болж буй үер, Хятадын эдийн засгийн бодлогын огцом шийдвэр, Арабуудын газрын тос олборлолтын тогтворгүй байдал зэргээс шалтгаалж ингэж уналт өгсөн гэж байгаа. Хэдэн ч хүний данс шатав даа. Эхний давалгаанд бид 2 тэсч үлдсэн ч, бүдэрсэн л юм чинь цаашдаа бүдэрсээр 2-р сарын 1-ий өглөө буюу дөнгөж сая түгшүүрийн дуу сонссон. Үнэндээ би энэ дууг сонсоод баярлав. Ингэж нэг энэ хараал идсэн нефтээс салж санаа амарлаа гэж юун түрүүн бодогдоно. Хүн шиг амьдрая даа. Өөрөө хямраастай, шөнөдөө бүтэн нойртой хонохгүй за тэгээд хичээл ном бол байхгүй ээ байхгүй. Сүүлдээ бүр өвчин ч тусч бариад. Уг нь би нэг охинд сайн юм байгааншд. Түүний царайг хараагүй, түүн рүү мэссэж бичээгүй хэд ч хоночив доо бүү мэд.

Итгэл найдвар сүүлийн мөчид бөхдөг гэдэг. Итгэл найдварыг сэтгэлийн дарамт гэж үзэж болох. Тэгэхээр сэтгэлийн дарамт ч сүүлийн мөчид бөхдөг байх нь.



Дээр дурьдсанчлан арилжаа таны амьдралын баталгаа бас л биш. Өөрийн гэсэн баталгаатай мэргэжил, амьдралын хажуугаар энэ зах зээл дээр тоглож мөнгөө тааваараа өсгөсөн нь дээр болуу гэж зөвлөмөөр байна. Арилжааны графикийн савалгаа хэрээс хэтэрч данс чинь чиний мэдлээс хөндийрсөн цагт тархинд минь Gott Mit Uns хэмээх үг л эргэлдэж байсан. Арилжааны графикийг шугамдаад сууж байдаг ноён GOD хоншоортой нэгэнд л хишиг буянаа хайрладаг.
Яг одоогоор би энэ бизнест хүч үзэхэд аль ч талаараа бэлэн биш гэдгээ мэдэрч байна. Про болсон цагт долларын судалтай асар том үнээ саах ажилдаа нөхдийн хамт ханцуй шамлан орно доо. Нийтлэлийн төгсгөлд энэ 3 сарын хугацаанд Форексийн зах зээлээс олж мэдсэн туршлага болон багш болон ах нарын зөвлөмж дүрмүүдийг нэгтгээд хүргэж байна.

-Юун түрүүн энэ зах зээлд орохын өмнө Чи үнэхээр арижаачин болох уу үгүй юу гэдгээ сайн бод. Хэрэв БОЛОХГҮЙ гэвэл чи өөрийн тайван сайхан амьдралдаа эргээд харьж болно. Харин ТИЙМ гэж сонговол буцаад хуучин амьдралдаа хэзээ ч очихгүйгээр таны худалдаачны амьдрал эхэлнэ. Өдөр, шөнө хэмээх ямар ч зааг үгүй болно.


- Арилжаанд орохдоо өөрийн алдаж болохуйц хэмжээнд оролц. Таны илүүдэл мөнгө өсвөл өсөг гэсэн сэтгэхгүйгээр. Мөн бас хүний мөнгөөр эсвэл зээр авч хэзээ ч бүү арилжаанд ор. Үүнийг хатуу анхааруулах нь зүйтэй.

- Шуна шуна бас дахин шуна. Шунал чамайг сүйрэлд хөтөлнө. Гэвч хүний шунал барагдашгүй. Өдөрт өөрийн олж болохуйц тодорхой хэмжээнд л ашигаа олоод ком-оо унтраа. Бага багаар ахидаг.

- Хүн алдах дургүй. Алдаж сурах сэтгэхүйд хангалттай сайн суралц. Тодорхой хэмжээний алдагдлыг хүлээхгүй бол тэрнээсээ эс юм болж мэднэ. Stop loss заавал тавьж бай. Stop loss-той үнэн ч байж, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй! Хэрэв та стоп лоссоо байнга өөрчилдөг бол илүү хүнд цохилтонд урт хугацаанд орно гэсэн үг. Хэрэв алдагдал чинь тийм ч бага биш байлаа ч хэрээс хэтрэхээс нь өмнө зоригтойгоор арилжаагаа хааж сур! Эргэж надад ашиг авчирна гэж бүү найд. Алдагдалыг доод түвшинд хааж, ашгийг дээд түвшинд хүртэл хадгалж сур.

- Итгэл зориггүй байгаа бол хэзээ ч бүү арилжаанд оролц! Маш том алдагдал хүлээсний дараа худалдаачдад айдас бий болдог. Айдас, шунал хоёр бол арилжаанд оролцож байгаа хүний хамгийн том дайсан байдаг. Айдас бол ашигт шууд нөлөөлж байдаг, шунал бол алдагдалд шууд нөлөөлдөг.

- Нэг арилжаанд нийт мөнгөний 1-5 хувийг л алдана гэж тооцож ор. Дараалж 20 алдахгүй гэсэн магадлал дээр тоглоно гэсэн үг. Дараалж 10 алдах тохиолдол энэ зах дээр байж болох л зүйл. Ашиг олох магадлал энэ зах дээр 50:50 хувь. Маржины 10 хувийг л ашиглах нь сонгодог арилжааны хөрөнгө оруулалт юм.

- Арилжааны зорилго, тактикгүйгээр хэзээ ч бүү арилжаанд ороорой. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл тооцоолсоноос хэт их маржин шаардагдах болно. Ингэснээр тооцоолол алдагдаж арилжааны panic-д орно.

- Мэдлэг бол хүч, тиймээс орчин үеийн бүх л мэдээллийг олж уншдаг, мэддэг байх ёстой. Энэ зах зээл бол тайван байдалтай байдаг бус асар их хөдөлгөөнд захирагдаж байдаг.

- Хэт хянамгай, хэт нарийлан арилжаа хийх нь ихэнхи тохиолдолд таны стоп лоссыг идэвхижүүлж арилжаа бүртээ алдагдал хүлээх болно. Тиймээс боломжтой стоп лосс тогтоож байх нь илүү ашигтай байдаг.

- Өөрөө өөртөө ажилла, өөрөө шинжил, өөрөө худалдаагаа хийж өөртөө ашгаа ав. Өөрийнхөөрөө мэдээг тайлж унш, бусдын тайлж уншсан зүйл буруу байж болно. Бусдын зөвлөснөөр ажиллах нь таныг самгардуулан алдагдал хүлээхэд хүргэдэг.

- Идэвхитэй цагуудаар бүү арилжаа хий. Лондон болон Нью-Ёоркын биржүүд ажиллаж байх үед л огцом шийдэвэрүүд гардаг. Ихэнхи томоохон худалдаачид, байгууллагууд мэдээний бус цагаар арилжаа хийдэг, ингэх нь тэдний эрсдлийг бууруулж байдаг.


- Хэрэв та стопоо 20-оор, ашгаа 40 тавьсан бол та ашиг авах магадлал 33%-тай байна гэсэн үг. Тиймээс зах зээлийн эрсдлийн магадлал дээр тогло.

- Хэрэв та худалдаа хийсэн байгаа бол хийгээгүй мэтээр бод. Ингэх нь та өөрийгөө сэтгэл зүйн хөөрлөөс хамгаалах нэг сайн арга болдог. Ингэж сэтгэхийн тулд дотоод сэтгэлдээ тайван байж, сэтгэлээ бүү хөдөлгө. Арилжаа хийсэн тохиолдолд таниас юу ч хамаарахгүй гэдгийг сана.

- Арилжаанд байх хугацаандаа эхнэр эсвэл найз охин хэн байдаг тэр бүгдээ март. Арилжааны сэтгэл зүйн судалгааны төслөөр батлагдсан зүйл юм гэсэн.


- Эцэст нь та арилжаанд алдсан бол зах зээл дээр л ялагдсан гэсэн үг. Сэтгэл зүйгээр ялагдаагүй гэдгийг санаарай.

Ихэхн худалдаачид дүрмээ зөрчсөнөөс болж алддаг. Дээрх дүрмүүд хэрэгтэй хүндээ асар чухал боловч хэрэггүй хүндээ бол шал дэмий. Эдгээр дүрмүүдийг нэг хараад юм уу, нэг уншаад мэдээд авна ч гэж байхгүй. Мэдлээ гэхэд цаг нь тулахаар хэрэгжүүлж чаддаггүй. Форексийн халуун тогоонд чанагдан байж л арилжаачин болно доо. Энэ бол өрсөлдөөнт бизнес биш. Мэдлэгтэй чадвартай улсуудаас юм суръя гэвэл тэд заагаад л өгнө. Амьдрал үргэлжилсээр байна. Хөрөнгө мөнгө тийм чухал биш хүн сэтгэлээрээ амьдардаг. Агуу их мєрєєдєлтэй, зорилгоосоо хэзээ ч бүү няцаарай.

Хvн юу тєсєєлж чадна тvvндээ л хvрч чаддаг.

Одоо Улаанбаатарт 8 цаг 8 минут болж нар мандаж байна. Өвлийн наймааны цонх 1 цаг 8 минутын өмнө хаагдсан байх нь. Хараал идсэн интернетийн кабелийг нефтэнд уурласандаа таслаад хаячихсан болохоор чухам юу юу болсныг мэдэхгүй л байна. Халуухан юм болсон байх даа. Нэг юм олж идээд унтая өө нойр хүрч байна.

Босч ирээд шинэ амьдралыг эхлүүлнэ ээ. Номын сан манд сууж мууж хичээл ном оо хийе, хөгжмөө тоглоё.. нэг хэсэгтээ арилжааны график харахгүй гэхээр л.. сайхаан сайхан

Цааш нь унчих юмсан...

Гуанзны охин..

Тэр үйл явдлуудаас хойш яг 1 жил өнгөрчээ. Сайхан газар,, Одоо бодоод байхад инээдтэй ч сайхан дурсамж л юм даа.






Гуанзны охин


Алуагийнхаа төрхийг би чинь
Анх гуанзанд харж билээ
Алматыд төрсөн аавын охин чамдаа
Аяс аясаар сэтгэл минь алдарчээ

Зүгээр л чамтай ярилцахыг хүснэ
Зүүд нойрондоо бас хайрлахыг ч би хүснэ
Зөв бурууг нь мэдэхгүй ээ Би эндээс явмааргүй байна
Зөөлөн харцанд чинь дурлажээ Би чамаа холдмооргүй байна

Хайртай гэдгийг Казакаар юу гэдгийг хэлээд өгөөч хайрт минь
Хагацмааргүй байна гэдгийг Монголоор юу гэдгийг шивнээд өгье чихэнд чинь
Хамаагүй ээ надад тэр Аллах тэнгэр чинь
Хуцах юм бол Будда Аллахад хайртай байсым хонгор минь..


З. Болор-Эрдэнэ -- 2010.01.18


Цааш нь унчих юмсан...