RSS

Tuesday

gereenuud


Надад яг одоо минийх болон Бобынх байна. Энэ 2-г юун түрүүнд тавьчихъя. Бусад нь эссегээ өөрсдөө нийтлэх юмуу эсвэл аүторууддаа өгөөрэй...

hey hey

З. Боб

“Амьдрал бол хүссэннээ идэж болох зоогийн газар” гэсэн сайхан зүйрлэлээр энэхүү эссегээ эхэлж таны мэлмийд толилуулъя.
Яагаад амьдралд нэг нь ерөнхийлөгч, нэг нь эрдэмтэн аль эсвэл нэг нь архичин, нэг нь хулгайч болдог юм бэ. Бүгд л нүцгэн ирээд нүцгэн буцдаг биш үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Миний бодлоор амжилтанд хүрсэн хүмүүсийн бусдаас ялгагдах хамгийн гол ялгаа бол өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадсанд байдаг болов уу. Хана ширтэн зүгээр гиюүрч сууж байхад нь тэнгэрээс амжилт нисээд ирнэ гэж байхгүй шүү дээ. Намайг бага байхад гэрийнхэн маань <“зах зээлийн” ухаантай хүүхэд шүү, наймаа хийвэл ч гайгүй сайн хийчихнэ дээ миний хүү> гэдэг байж билээ. Өглөө босоод л ээжтэйгээ хамт тортоо зарахаар “Меркури” дэх лангуу руугаа явж ээжийн эзгүйд ажлаа шаггүй сайн хийчихдэг байсан ба гэрийнхээ хүнсний зүйлийг бяцхан хүү нь цуглуулдаг байсан болoхоор хүүдээ урам хайрласан хэрэг байх. Энэ цаг үеэс би сэтгэл зүрхэндээ нэгийг мөрөөдөж ирсэн. Мэдээж бүтэх эсэх нь тодорхой биш ч сайн бизнесмен, улс орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулах сайн эдийн засагч болно доо гэж бодох болсон юм. Эдийн засгийн удирдлагын ухааны салбарт Ази тивээс анхны Нобелийн шагнал хүртсэн Солонгосын алдарт ДЭҮ компанийн захирал Ким Ү Жүн <Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна> номондоо “Миний бага нас их ядуу зүдүү байсан. Би шөнө дөл хүртэл номын санд сууж, шөнийн тэнгэрийг ширтэн ажихад давжаахан цээжийг минь дүүргэдэг байсан мундаг бизнесмен болно гэсэн мөрөөдөмтгий дэврүүн сэтгэлээ одоо хир би мартдаггүй юм. Би хэзээ ч шантарч байгаагүй ...” гэсэн байдаг. Энэ бизнесмен шиг болохын тулд өөрийгөө сонсож, өөрийгөө удирдаж, өөрийгөө ялан дийлж амжилт гаргах нь миний нэн тэргүүний зорилго юм. Хэзээ нэг өдөр уншигч та Монгол брендийн зурагт үзэж, Монгол брендийн гар утсаар ярьж, таны амьдрал дэлхийд танигдсан Монгол брендтэй салшгүй холбоотой болох үе ирнэ гэдэгт итгээрэй. Уйгагүй суралцаж байж өсч хөгжинө, биеэ тоож эхэлвэл өсч урагшлах зогсож, хөгжих бололцоогоо алдана. Эргэн тойрноосоо нөлөөлж буй дохио сануулгыг сэтгэл зүрхнээсээ мэдэрч өөрийгөө чамлан идэвхийлэн суралцах болно оо. Анхаарал тавин уншсанд баярлалаа.

Хүндэтгэсэн З.Боб

хххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Жий

Мастерплан

Цаг агаар аажмаар дулааран хавар цаг айлчилж байгаль дэлхий өнгөө сольж байна... Номон дээрээс ингэж бичигдсэн хэсгийг уншмагц урин дулаан цагийг дотроо төсөөлөн, бүлээн салхи үлээж, шинэхэн ногоо үнэртэх шиг л болдог. Гэвч хаврын улирлыг зарим оюутан сурагчдын нүдээр харахад ачаалалтай өдөр хоногууд, дараалсан олон шалгалт шүүлгүүд, ядаргаанд орох гэх зэрэг мэдрэмжүүд төрдөг байх. Би тэдэнтэй адил хавар цагийг ингэж төсөөлдөг болоод 10 жил болж байна. Сурагч насны минь хувьд энэ миний эцсийн хавар. Амьдралын их далайд далбаагаа намируулан гарахад нэг алхам ойртож буй нь энэ билээ. Бүх шинжлэх ухааны хаан нь математик гэдэг. Миний өдий хүртэлх амьдрал энэ шинжлэх ухаантай нягт холбоотой. Багаас математикт дуртай байсан бөгөөд 4-р анги төгсөх жилдээ Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуульд шалгалт өгч элсэн ороод Нармандах багшийн гар дээр ирсэн нь уг шинжлэх ухааныг илүү гүнзгий судлахад том түлхэц болсон гэж үздэг. Би энэ “уяач” багшийн олимпиадад уяж уралдуулдаг гарын 10 “морьд”-ын нэг. Багаасаа уралдаан тэмцээнүүдэд байнга оролцож амжилт гаргаж байсан минь миний ирээдүйн амьдралд чухал хувь нэмэр болно гэж манайх гэр бүлээрээ боддог. Математикийн шинжлэх ухааныг судалснаар хүн цэгцтэй зөв бөгөөд задгай сэтгэх чадвартай болдог ба дөлгөөн тайван, юмыг хийхээс өмнө боддогт сургадаг. Өмнө жил монголоосоо шалгаран Казахстан улсад зохиогддог олон улсын олимпиадад оролцох боломжтой байсан ч тухайн үед дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж, санхүүгээр ивээн тэтгэх байгууллага олдоогүйн улмаас явж чадаагүй. Харин энэ оны эхэнд бүх зүйл бүрдэж эх орноо төлөөлөн энэ олимпиадад амжилттай оролцоод ирсэн минь надад олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Бусад улс орны үеийн хүүхдүүдтэй харьцаж найзлан, нөхөрлөхөд үнэхээр сайхан байсан ба газар үзэж олон ч сайхан зүйл харсан. Алдарт Ейффелийн цамхгийг гадныхан хараад уулга алдан шагшин магтаж байхад Монгол хүн тэрийг хараад “Төмөр нь байвал хийчих л юм байна шүү дээ” гэж боддог шиг ямар ч гоё сайхан зүйл харсан эх оронтойгоо харьцуулж, эх оронд маань яагаад ийм зүйл байлгаж болохгүй гэж хэмээн боддог нь Монгол хүний гэм биш зан гэлтэй. Казахстан улс манай оронд зарагдаж буй өндөр үнэтэй түлшний асуудлыг шийдэж чадах мэт санагдсан бөгөөд нөгөө талаас тэд Монгол малын сүү, мах зэргээр дутагдаж байгаа мэт. Тэнд байх хугацаанд хэдийн ядуу ч Монгол хүн, Монгол ухаан, Монгол сэтгэхүй дэлхийн хаана ч гологддогүй гэдгийг ойлгосон. Уламжлалт нүүдэлчин соёл, ёс заншил, дэлхийн хаа ч байхгүй байгалийн үзэсгэлэнт сайхан газар нутгаа чадах ядахаараа зүтгэн 21-р зууныг хүртэл бүрэн бүтнээр нь авч үлдсэнээрээ өөрийн ард түмнээр бахархах хэрэгтэйгээ тэндээс л мэдсэн. Эдийн засаг, мөнгө бол хийж болдог зүйл. Харин байгаль, эрүүл орчинг?
“Өнөөгийн монголын шинэ үеийн залуус гадаадад өөрсдийгөө Монгол гэхээс ичиж байна. Хүн ядуугаасаа бус тэнэгээсээ ичих ёстой” хэмээн дэлхийг тойрон аялдаг Монгол залуу хэлсэн байдаг. Түүний аян замын тэмдэглэл, үзэл бодлыг унших тоолондоо “мундаг залуу шүү” хэмээн бодож хэзээ нэгэн цагт энэ залуу шиг олон улс орнуудаар аялж эх орноо сурталчлахын зэрэгцээ, гадны соёлыг ч гэсэн мэдэж аван эх орондоо таниулж дэлхийг монголтой холбох жижигхэн ч гэсэн нэг гүүр нь байхсан гэж мөрөөддөг. Даяаршиж байгаа энэ нийгэмд хэзээ нэгэн цагт ааваараа “Миний хүү, Монголын хүү бас дэлхийн хүү болжээ” гэж хэлүүлэх цаг ирнэ гэдэгт би итгэж явдгаа нуух юун. Юу юунаас түрүүнд эцэг эх хоёр минь намайг сургуулиа амжилттай төгсөж, их сургуульд суралцан сайн ажил мэргэжилтэй болж, сайхан амьдрахыг хүсэж байгаа нь эргэлзээгүй. Гэвч сайхан амьдрал гэж яг юу юм бэ? гэсэн асуудал гарч ирнэ. Хүн нэг л амьдардаг. Өглөө бүрийг жаргалтайгаар угтан, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь энэ мөн чанарт дөхөж очих болов уу. Тийм байхын тулд мэргэжлээ зөв сонгох ч нөлөөлнө гэж хүмүүс ярьдаг. Үнэний ортой. Маш олон сонголттой хаалгануудаас би нэгийг л сонгон татах учиртай бөгөөд ямар хаалганы цаана намайг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Томоохон нийгмийн зүтгэлтнүүдийн “Хэрхэн мэргэжлээ зөв сонгох вэ?” хэмээх лекцүүдэд сууж байхад ерөнхийдөө нэг л агуулгатай зүйл ярьж байсан. Өөрийн сонирхолтой хийхийг хүсдэг зүйл, өөрийн яг одоо чаддаг зүйл зэрэг зүйлсээ огтлолцуулаад тэндээсээ нэгэн үр дүнд хүргэх гэсэн. Би хөлбөмбөг сонирхдог тоглох дуртай, математик, физикт сонирхолтой бас хөгжим тоглох, дуу бичих дуртай. Амьдралын ухаанд суралцаж эхлээгүй байхдаа өндөр цалинтай мэргэжлийн хөлбөмбөгч болно гэж боддог байсан нь бараг бөмбөг өшиглөх дуртай хүүхэд бүрийн хийсвэр мөрөөдөл байх. Харин хөгжим тоглох мөрөөдлөө одоог хүртэл гээгээгүй л явна. Ирээдүйд сонгосон мэргэжлийнхээ хажуугаар олон сайхан аялгуу дуу бичнэ гэсэн зорилготой. Мөн сонирхолдоо тулгуурлан энд тэндхийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хичээн, гадаадад суралцаж сайн боловсрол эзэмшээд, шинэ үеийн сэхээтэн залуустайгаа нэгдэн Монгол орны төлөө хамтран ажиллах болно гэж боддог. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Одоо би ирээдүйн сайхан амьдралын төлөөх “Мастерплан”-аа бичиж сууна. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өөрийн гэсэн “Мастерплан”-тай гэдгийг би мэднэ. “Мастерплан” гэдэг нэртэй дууг ч би сонсох дуртай. Надад өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго бий. Гагцхүү түүнийг хөдөлгөх бага зэрэг хүч надад хэрэгтэй бөгөөд түүнийхээ төлөө тууштай тэмүүлэх арга ухаанд суралцаж байна.

Хүндэтгэсэн Жий

ххххххххххххххххххххххххххххххххххххххххххх


1 comment: